Ц.Дамдинсүрэн гуайн Монгол ардын аман зохиол зуун билиг оршивой хэмээх 1959 онд хуучин Монгол бичгээр нэгтгэн хэвлүүсэн номоос
Дээрх мөнгөн тэнгэрийг
Дэвсийн чинээ бүхийгээс
Доорхи этүгэн эхийг
Өлмийн чинээ бүхүйгээс
Сүмбэр
уулын довон бүхүйгээс
Сүн далайг цалциг бүхүйгээс
Үүдэн заяасан гал галиахан эхдээ
Өөх тосыг өргөнөм
Эсэг дарсныг дусаанам
Ийн жарган заяах атугай.
Хангай ханыг дов бүхүйгээс
Хатан далайг цалгис бүхүйгээс
Хайлаас модны найлзуур бүхүйгээс
Харцгай шувууны дэгдмэл бүхүйгээс
Халтар тахийн өнөөхөн бүхүйгээс
Хаан эзний цахисан
Хатан эхийн үлээсэн
Хайр чулуун эхэт
Хатан төмөр эцэгт
Цэн чулуун эхэт
Цахил чулуун эцэгт
Үүл нэвт униарт
Үүд нэвт илчит
Торгон нүүрт
Тосон царайт
Гал галиахан эх дээ
Өөх тосыг өргөнөм
Эсэг дарсныг дусаанам
Өөдлөх их буяны дунд
Ийн жарган заяах атугай.
Татмал уулыг довон бүхүйгээс
Далай мөрнийг цалциг бүхүйгээс
Дайр харцгайн зулзган бүхүйгээс
Даргай тэхийн өнөөхөн бүхүйгээс
Даян Монголын үүдэхүй бүхүйгээс
Сод богдын цахисан
Сотай хатны үлээсэн
Үүл нэвт униарт
Үүд нэвт илчит
Гал голомт
Тосон амьт танхил эх
Торгон нүүрт
Гал галиахан эх дээ
Өөх тосыг өргөнөм
Эсэг дарсныг дусаанам
Өөдлөх их буяны дунд
Ийн жарган заяах атугай.
Бурхан ханыг довон бүхүйгээс
Буянт далайг цалциг бүхүйгээс
Бургасан модыг найлзуур бүхүйгээс
Буурал тахийн өнөөхөн бүхүйгээс
Болжмор шувууны дэгдмэл бүхүйгээс
Үүдэн заяасан эх дээ
Хар архийг аягаар өргөнөм
Халим өөхийг аягаар өргөнөм
Хайрлах мэт энх жаргалангийн
Энд үгүй болтугай.
Эзэн богдын цахисан
Эш хатны үлээсэн
Шар хялгана амьт
Шар тосон идэшт
Шар тэргүүт цагаан хонин тахилгат
Гал галиахан эх дээ
Өөх тосыг өргөнөм
Эсэг дарсныг дусаанам
Шил сайт хөвгүүнтэй болгох уу чи.
Шибэрлэг сайт бэртэй болгох уу чи.
Шулуун сайн охинтой болгох уу чи.
Охин үрээ өсгөж
Өр ширээ бүтээж
Нуган үрээ өсгөж
Нутаг усаа ятгаж
Туг үгүй торгыг хайчилж
Товч бүчийг хадаж
Эн үгүй торгыг эсгэж
Энгэр заамыг залгаж
Энх мөнх жаргах болтугай.
Цагаадай бөхийн цахисан
Цэнгэл удганы үлээсэн
Торгон царайт
Тосон амьт
Өргөн царайт
Өөхөн амьт
Гал галиахан эх дээ
Өөх тосыг өргөнөм
Эсэг дарсныг дусаанам
Өөдлөх их жаргалангийн
Энд үгүй болтугай.
Урт ханцуйг
ударуулан суунам
Ууц өвчүүгээр мялаан суунам
Нуурт зогсох олон алаг адуутай болгох уу чи
Ноён хүмүүнийг дагах
Хиа хөвгүүнтэй болгох уу чи
Задгайд тууж услах
Олон цагаан хоньтой болгох уу чи
Зан сайт охиныг чинь
Заяат босгонд чинь бүдрүүлэн суунам
Дөчин таван тэргүүтэй
Найман үдээртэй гэрийг эвцүүлэн барьж
Дөрвөн эцэг эхээн барилдуулсан ураг
Харь хүмүүнээс хавирга хуулж
Заяат босгонд чинь
Бүдрүүлэн суухын шалтгаан энэ буй
Өлзийхутаг оршитугай
Хурай хурай хурай.
Бадамсамбуу багшийн зохиосон гээд
Галын хаан Мяранз минь
Энэ өлзийт өдөр чинь
Эх шар тэргүүт цагаан хонины өвчүүгээр тахинам.
Энэ бүхүй амьтан чинь
Эндүүрэл үгүй бурханы хутаг олох болтугай.
Буянт жил оров
Булганы зүс зүсэлэв
Буртаг нүгэл хилэнц арилтугай.
Бурхан багшийн өршөөсөн
Буян хишиг энд тогтугай.
Хуучин жил хангирч харихуйд
Халиуны зүс зүсэлхүйд
Хар тэргүүт цагаан хонины өвчүүгээр тахинам
Харш зовлон арилтугай
Хамаг ад чөтгөр арилтугай
Хамаг хүмүүн амьтан хүсэхүйн жаргалангаар
Харь халуун хамтаар жаргатугай.
Шинэ жил шилжирч ирэхэд
Шилүүсний зүс зүсэлхүйд
Шар тэргүүт цагаан хонины өвчүүгээр тахинам
Шившиг зовлон арилтугай.
Шулуун сайхан шажин төр хоёр
Энд тогттугай.
Хишигт жил орохуйд
Хэрэмний зүс зүслэхүйд
Гэгээн цагаан хонины чинь өвчүүгээр тахинам
Хямар чимар дарагдатугай.
Хий хор хижиг өвчин арилтугай
Хэлэхүй бүгдээр жарган суутугай.
Үнэн жил оров
Үнэгэн зүс зүслэв
Үгэрэн эвэрт цагаан хонины өвчүүгээр тахинам
Үхэл зовлон арилтугай
Үнэхээр туулсан
Үнэн дээд гурван эрдэнийн
Өлзий хутаг энд оршитугай.
Хөх тэнгэрийн доор
Хөрст дэлхийн дээр
Хүй элгэн бүрдэж
Хүсэхүй жаргалангаар жаргах болтугай.
Хан тэнгэрийн заяагаар үүдсэн
Хан эзний гал голомт
Хамаг амьтанд өлзий хутаг болтугай
Эрхэт тэнгэрийн элгээр үүдсэн
Эзэн богдын гал голомт
Эдүй бүхүй амьтанд
Өлзий хутаг оршитугай
Хайр чулуун эхэт
Хатан төмөр эцэгт
Хайлаас модон амьт
Хан Мяранз галиахан эх минь
Хар архийг чинь аягаар дусаанам
Халим өөхийг чинь аягаар өргөнөм
Халуун амь минь мөнх болж
Харуйх баруйх өмч минь энх мэнд
Хайрлах таван хошуу мал минь
Эсэн мэнд өсөх болтугай.
Гадна байх мал минь
Галуу мэт өсөж
Гахай мэт таргалаж
Газар ус хоёрыг бүрхэх болтугай.
Гайхамшигт бурхадын буян хишиг
Энд тогтугай.
Хормой чинь хутагтай болтугай
Тохой чинь тостой болтугай
Хурай хурай хурай.
Арам үсгээс үүдсэн
Аршийн увидасаар бүтээсэн
Ариун гэгээн чанартай
Галын хаан Мяранз
Хатууг зөөлөн болгооч
Харанхуйг гэгээн болгооч
Галын хаан Мяранз
Энэ өлзийт өдөр чинь
Үндэсийг чинь дуудаж
Үсгийг чинь дурдахын
Шалтгаан юу буй гэвэл
Сод богдын сургаал бөлгөө гэж
Сотай хатны үлгэр бөлгөө гэж
Өгөөмөр их буянаар учирсан
Өмчит олон малыг чинь хурааж
Өөх тосоор танхинам.
Өсөх олон малын эзэн болж
Өдөр бүрий жаргаж
Өлзий хутаг тогтугай
Сав ертөнцийн эдүгээгээс үүдсэн
Галын хаан Мяранз
Дээр хөх огторгуйд хүрэм
Улаан гэрэл болохсон
Доор хөрст алтан дэлхийд нэвтрэм
Ариун чанар болохсон
Галын хаан Мяранз
Ерэн есөн тэнгэрийн заяагаар үүдсэн
Есүхэй эзний цахисан гал голомт минь
Ер бүхүй улсад өлзий хутаг оршитугай
Хан тэнгэрийн заяагаар үүдсэн
Хан богдын гал голомт минь
Хамаг амьтанд өлзий хутаг тогтотугай
Эрхэт тэнгэрийн элгээр үүдсэн
Эзэн богдын гал голомт минь
Энэ бүхүй амьтанд өлзий хутаг тогтотугай
Хурай хурай хурай
Хусан модон өлгийт
Хурганы арьсан хучилгат
Бургасан модон өлгийт
Булганы арьсан хучилгат
Гэгээний сүр сүнсэнийг гуйнам
Ээ хурай хурай хурай
Хиг модон өлгийт
Хэрэмэн арьсан хучилгат
Үе үгүй модон өлгийт
Үнэгний арьсан хучилгат
Гэгээн сүр сүнснийг гуйнам
Ээ хурай хурай хурай
Шулуун модон өлгийт
Шилүүсний арьсан хучилгат
Хиг модон өлгийт
Хярасны арьсан хучилгат
Гэгээний сүр сүнснийг гуйнам
Ээ хурай хурай хурай
Алтатныг өмсөж
Амтатныг идэж
Ашидын сайн жаргалангийн дунд
Аху болтугай
Наран мэт ургатугай
Навч цэцэг мэт дэлгэртүгэй
Нармай их улсын шашин төр хоёр
Энд тогтотугай
Бурхан бодисад мэт буянтай болтугай
Будаа тариа мэт идээтэй болтугай
Буд гараг мэт олон малтай болтугай
Бурсанг хуйраг зэргийн олон үхэртэй болтугай
Ном мэт буянтай болтугай
Ногоо тариа мэт идээтэй болтугай
Ноён сайдын зэргийн олон нөхөртэй болтугай
Нуур далай мэт идээтэй болтугай
Хурай хурай хурай
Сүмбэр уул мэт эвдэрш үгүй
Буян хишгийг гуйнам
Сүн далай мэт ширгэш үгүй
Буян хишгийг гуйнам
Тасарсаныг минь залгах
Тамтархайг минь нөхөх
Буян хишгийг гуйнам
Үгүйрсэнийг минь баяжуулах
Үхсэнийг минь төлөх
Буян хишгийг гуйнам
Дундыг минь дүүргэж
Дутахыг минь гүйцээх
Буян хишгийг гуйнам
Хөвчин даяар энх мэнд жаргах
Буян хишгийг гуйнам
Хөдөөд байх таван хошуу малын
Буян хишгийг гуйнам
Зогдор ихэт буурын сүр сүнсэнийг гуйнам
Туулга ихэт богийн сүр сүнсэнийг гуйнам
Дуу ихэт нохойн сүр сүнсэнийг гуйнам
Дэл ихэт азарганы сүр сүнсэнийг гуйнам
Дэлэн ихэт гүү, үнээний сүр сүнсэнийг гуйнам
Бэдэр сайт морины сүр сүнсэнийг гуйнам
Барим хөхөт гүү, үнээний сүр сүнсэнийг гуйнам
Далдарсан даагны сүр сүнсэнийг гуйнам
Элдэрсэн ишигний сүр сүнсэнийг гуйнам
Булдириасан бяруу, тугалын сүр сүнсэнийг гуйнам
Төөрсөн төлөгний сүр сүнсэнийг гуйнам
Буруулсан ботгоны сүр сүнсэнийг гуйнам
Ирээ хурай хурай хурай
Билгэ билгийн хутагийг
Баруун этгээдээс гуйнам
Урт насны хутагийг
Зүүн этгээд гуйнам
Баруун этгээдээс
Бар /сүр/ төглийн газраас
Хонины буян хишгийг гуйнам
Умар зүгийн хар тухмагын газраас
Тэмээний буян хишгийг гуйнам
Зүүн этгээдээс адгуусаны
Буян хишгийг гуйнам
Дөрвөдийн газраас үхрийн
Буян хишгийг гуйнам
Өмнө зүгийн
Далай тайван хааны газраас
Эд эдэлхүүний буян хишгийг гуйнам
Бясман /бисман/ тэнгэрийн
Эрдэнийн хулганы амнаас буух
Буян хишгийг гуйнам
Уул мэт гэрийн буян хишгийг гуйнам
Очир чандмань мэт ач үрийн
Буян хишгийг гуйнам
Сүн далай мэт дүүртүгэй
Сүмбэр уул
мэт цогцолтугай
Тогтотугай тогтотугай тогтотугай
Хурай хурай хурай
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment