skip to main | skip to sidebar

Эр Хар

  • НҮҮР
    Нүүр хуудас
  • ЧИНГИС ХААНЫ АЙЛТГАЛ
    Эзэн богд Чингис хааны айлтгалууд
    • Тэнгэрийн гэрэл
    • Эзэн би эргэн ирлээ
    • Эзэн Чингис хаан өөрийн улаачийн тухайд
    • Эзэн Чингис хааны зарлиг
  • АНГИЛАЛ
    Бичлэгийн ангилал
    • Алтан Судар
    • Далд ертөнц
    • Домог
    • Шүлэг найраг
    • Бусад
Subscribe

Sunday, June 9, 2013

Даян дээрхийн дуудлага


Дээрээс ерэн есөн тэнгэр
Доороос далан таван тэнгэр
Гучин гурван номт цагаан тэнгэр
Ерэн тэнгэрийн элч болж явдаг
Зуун тэнгэрийн зууч болж явдаг
Хишиг тэнгэрийн хэлмэрч болж явдаг
Хар тэнгэрийн хайгуул болж явдаг
Хар цусаар хоолоо хийж явдаг
Шингэн цусаар ундаа хийж явдаг
Арын арван найман галбир
Өврийн дөчин есөн галбир
Хан богд ДАЯН ДЭЭРХИ хайрхан минь

Орой биед нь
Очирвааны хүчин түгсэн
Магнай биед нь
Махгалын хүчин түгсэн
Тэргүүн биеийг нь
Тэтгэгч номт цагаан тэнгэр эзэлсэн
Дал биеийг нь
Далан таван махгал эзэлсэн
Баруун мутар нь
Бадамсамуу бурханы хүчин түгсэн
Зүүн мутар нь
Зонхова бурханы хүчин түгсэн
Дунд биеийг нь
Доордох найман аймаг
Догшин лусын хаад эзэлсэн
Хамаг биеийг нь
Хаан Бихаржалбуу
Хар лусын хаад эзэлсэн
Найман тохойбиетэй
Наян найман шарга хүлэгтэй
Хан богд ДАЯН ДЭЭРХИ хайрхан минь
Дайчин улаан баатартай
Дарьэх Одсэржама бурхантай
Далха вандад сахиустай
ДАЯН ДЭЭРХИ гэнин чинбу хайрхан миь
Өндөр уулын өвөр дээр байдаг
Өргөн голын зах дээр байдаг
Хар зүгийг хамхчиж явдаг
Цагаан зүгийг тэтгэж явдаг
Ширээ чулуу шинжтэй
Хөшөө чулуу хөрөгтэй
Хүмүүн бүгдийн сахиус болгоосон
Түмэн бөхийн түрүү болгоосон
Мянган бөхийн багш болгоосон
ДАЯН ДЭЭРХИ хайрхан минь
Бөхийн шийр дамжлагатай
Бөөр толгой гүйдэлтэй
Нарсан өндөр дамжлагатай
Тэмээн чулуу хоногтой
Сангийн далай суудалтай
Сайхан хулж нутагтай
Айраг бүрүнг гүйдэлтэй
Араг буурал дамжлагатай
Хан богд ДАЯН ДЭЭРХИ хайрхан минь
Баян суу хүлгийг чинь
Барин сууж дуудая
Барим хар ташуурыг чинь
Тулан сууж дуудая
Алтан сайхан оргойг чинь
Өмсөн байж дуудая
Мөнгөн сайхан оргойг чинь
Өмсөн байж дуудая
Өөхөн хоёр өвдгөөн
Сөхрөн байж дуудая
Өндгөн ганц толгойгоо
Дохин байж дуудая
Амны цагаан шүдээ
Яралзуулан сууж дуудая
Алд доорхи биеэн
Бөхийн сууж дуудая
Толин хар нүдээ
Эргэлдүүлэн сууж дуудая
Дуугарах хоолой амаа
Ангайлган сууж дуудая
Малгай мэт манаж хайрла
Сүүдэр мэт дагаж хайрла
Сүлдийг чинь босгоё
Сүүдрийг чинь дагая
Хан богд ДАЯН ДЭЭРХИ хайрхан минь
Түмэн буман дагуултай
Сая сая нөхөдтэй
Бэгз улаан жамсран хайрхан минь
Усны эх улаан дайгал
Уулын их уран Тагна
Зүүн шанаанд нутагтай
Зүүдэн барлах ястай
Дотор бээжинг догдлуулдаг
Долоон ноёны угшигтай
Хонин чинээ хоногтой
Үхэр чинээ үдтэй
Усны их улаан дайгал хайрхан минь
Олон нуурын хөвөөнд байдаг
Харга /хараа/ нуурын хашаанд байдаг
Өвгөн буурал хайрхан минь
Босгот хөндий дамжлагатай
Болзоот толгой суудалтай
Зуун хорин настай
Зургаадай модон таягтай
Өвгөн буурал хайрхан минь
Өршөөлөө хайрла
Арван гурван Алтайд
Ажин морилон залардаг
Хорин гурван Хөхүйд
Хонон өнжин залардаг
Бүдүүн модон буудалтай
Нарийн модон суудалтай
Хөхөө шувуу тэнгэр
Хөгшин буурал аав минь
Баруун зүгийн эзэн
Баатар цагаан тэнгэр
Далан үүлийг дамжин ирдэг
Дайчин ноён тэнгэр минь
Зүүн зүгийн эзэн
Зүрхэн хар тэнгэр
Гал цог идэштэй
Гал могой ташууртай
Галзуу чонон хөлөгтэй
Хүний махан хүнстэй
Хүрэл чулуун зүрхтэй
Бөгтөр чонын бөгтөргөөр ирдэг
Халтар чонын хадаргаар ирдэг
Хан Гүжир тэнгэр минь
Хэргийн эзэн
Хэдэр догшин тэнгэр
Хараалын эзэн
Хадарга боом тэнгэр
Эрхийдээ эмтэй
Долоовортоо домтой
Хүрэл чулуун цээжтэй
Хүдэр чулуун бөгстэй
Хангайн модон уянгатай
Хар цусан сэржимтэй
Зуун эмийн /лам?/ цусаар унд хийж
Мянган банди-ийн толгойгоор
Молцог хийж
Хадан хошуу дамжлагатай
Харуй бүрийд гүйдэлтэй
Хар хэрээ дагуултай
Халтар баавгай уналгатай
Тоймог толгойг хардаг үгүй
Тойн хуваргыг үздэг үгүй
Шар улаан өнгийг үздэг үгүй
Сангийн арцны утааг үнэртдэг үгүй
Хан хар тэнгэр минь
Аягын чинээ гэрт нь
Аюул зовлон үгүй болгож хайрла
Адгуус малд нь
Гай гарз үгүй болгож хайрла
Хүмүүний есөн хүслийг гүйцэтгэж хайрла
Хан мөнх тэнгэр
Хатан ижий өршөөж хайрла
Хавтгайд нь халитрах үгүй
Бөөрөнхийд нь бүдрэх үгүй
Хурдан морины туурайнаас хоцрох үгүй
Хурц жадны үзүүрээс буцах үгүй
Энэ хүмүүний элдэв үйлсийг
Илтэд бүтээж хайрла
Хөх мөнх тэнгэрийг хөвөлзүүлэн  ирдэг
Хөрст алтан дэлхийг хөдөлгөж ирдэг
Хөвөн цагаан үүлийг хөлөглөн ирдэг
Гадаад далайг долиглуулан ирдэг
Газар усыг цалгиллуулан ирдэг
Улаан голыг догдлуулан ирдэг
Ухаан санааг баларуулан ирдэг
Ар биеийг татвалзуулан ирдэг
Өвөр биеийг өрвөлзүүлэн ирдэг
Хагадай /Хаадай/ бөхөөс удамтай
Цагадай удганаас угширгатай
Асару тэнгэрийн оронтой
Арван найман настай
Ардаг улаан зайгул минь
Хар санаатыг хага ниргэж хайрла
Буруу санаатыг бут ниргэж хайрла
Гадны гай, дотнын тотгорыг арилгаж
Арчисан толь мэт ариутгаж хайрла
Аливаа санасаныг бүтээж хайрла

Тайлбар: Хөвгөл нуурын ойр байдаг хүн дүрсэт чулуун хөшөө ДАЯН ДЭЭРХИ  болбоос Монголын бөх нарын эртний шүтээн байжээ. Лам нар ДАЯН ДЭЭРХИ-ийг ГЭНЭН /увши/ сахил авч бурханы шашинд оров хэмээн дэргэд нь сүм хийд барьж  тахьдаг байсан. Энд хэвлэгдсэн ДАЯН ДЭЭРХИ-ийн дуудлагыг үзэхэд гурван зүйлийн чиглэл үзэгдэж байна. I Монголын хучин бөхийн ёс, тэнгэр дэлхийд мөргөн залбирах дуудлага; II Бурханы шашин дэлгэрэхэд бөх нар түүнийг эсэргүүцэн тэмцэж байсан явдал …
Тоймог толгойг хардаг үгүй
Тойн хуваргыг үздэг үгүй
Шар улаан өнгийг үздэг үгүй
Сангийн арцны утааг үнэртдэг үгүй
Хан хар тэнгэр минь… гэх мэт; III бурханы шашиныг дагасныг эхэн хэсэгт тод өгүүлсэн байна. Ц.Дамдинсүрэн Монгол уран зохиол зуун билиг оршивой 1959 он
Нийтэлсэн: Unknown at 11:00 PM
Ангилал: Мэдвэл зохихуй

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Newer Post » « Older Post Home
Subscribe to: Post Comments (Atom)

Бичлэгийн ангилал

  • Алтан судар (8)
  • Бусад (2)
  • Буурлын айлдвар сургаал (6)
  • Далд ертөнц буюу бидний гурав дахь мэдрэхүй (3)
  • Домог (2)
  • Мэдвэл зохихуй (3)
  • Шүлэг найраг (9)

Бичлэгийн архив

  • ▼  2013 (10)
    • ►  September (3)
    • ▼  June (3)
      • Идэлхүү булхай авирт Ихэмсэгийг мэдэхгүй Элдэвлэн ...
      • Даян дээрхийн дуудлага
      • Гал тахих ёсон
    • ►  January (4)
  • ►  2012 (21)
    • ►  August (21)
 
Copyright © Эр Хар. All rights reserved.
Блоггер дээр суурилав. ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР | Загварыг хөрвүүлсэн: DUULIN